Ерөнхийлөгчийн мэндчилгээ - Б.Отгонбат

Удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн төгсөгч (MC/MPA 2016, Harvard University)

Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай Глобал Удирдагч Их Сургууль нь Монгол улсаа уул уурхайд суурилсан эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулах зорилгыг тавин ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын 4500 гаруй шилдэг оюутан залуучуудыг АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэй сургаж, дээд боловсролын байгууллагуудаас Монголынхоо ирээдүйд 5 сая орчим долларын оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсан цорын ганц сургууль билээ.

Өөрчлөгдөн хувьсаж буй өрсөлдөөний өнөө үед дэлхийн түвшинд хөрвөх чадвартай, үнэт зүйлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах чадвартай ирээдүйн удирдагч нарыг төлөвшүүлэх нь 21 зууны жинхэнэ боловсролын шаардлага, эрэлт хэрэгцээ болоод байна. Дэлхийн хэл болох Англи хэлийг эзэмшүүлж, Харвардын их сургуулийн хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж байгаагаараа Глобал Удирдагч их сургууль нь бусдаас ялгаатай.

Анагаах ухаан, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар сургуулиудаараа дамжуулан 10 гаруй мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө Харвард, Оксфордын сургалтын аргачлалаар шинэчлэн явуулах болсон нь Монголын дээд боловсролын шинэчлэлд оруулж буй бидний цоо шинэ хувьсгал юм. АНУ, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг өндөр хөгжилтэй орнуудад 2 дугаар курсээсээ шилжин суралцах хос дипломын 2+2 хөтөлбөрт дэлхийн 160 гаруй их сургуульд суралцах боломж таны өмнө нээлттэй байна.

Харвардын их сургуулийн жинхэнэ манлайлалын хөтөлбөрийг Монголдоо анхлан нутагшуулж оюутан бүрийг хөгжүүлэх тусгай хөгжлийн хөтөлбөртэй болж чадсанаар боловсролын чанар, үр дүнд эерэгээр нөлөөлж чадлаа. Мэргэжлийн хичээлүүдээ Англи, Монгол хэлээр хослон зааж гадны зочин багш нар онлайн болон танхимын хэлбэрээр ордог болсноор дэлхийн боловсролыг дотоодын төлбөрөөрөө эзэмших боломжтой болж байгаа юм.