Монголын оюутны спортын 2020 оны V наадмын заавар батлагдлаа

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны “Монголын оюутны спортын V наадам зохион байгуулах тухай” А/493 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны “Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн батлах” тухай А/357 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, тэдний дунд спортыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээн, наадамд өрсөлдөх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Монголын оюутны спортын V наадмыг 2020 онд зохион байгуулахаар болсон билээ.

Монголын оюутны спортын V наадмын зааврыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2020 оны 01 сарын 03-ны өдөр баталж наадмыг волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөг, таеквондо, футзал, хөнгөн атлетик, цана, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг өвөл, зуны 13 спортын төрлөөр 3 үе шаттайгаар зохион байгуулахаар болов.

Анхан шатны тэмцээнд Монгол Улсын бүх хэвшлийн их, дээд сургууль, коллеж, салбар сургуулиуд болон бүрэлдэхүүн сургуулиудын оюутны дунд 2020 оны 01 дүгээр сарын 24-ноос 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор болно Бүсийн тэмцээн нь баруун бүс- баруун 5 аймаг ба Архангайн ИДСК-иуд, төвийн бүс-Дархан-уул,Орхон аймгийн ИДСК-иуд, зүүн бүс- Дорнод, Дорноговийн ИДСК-иуд, нийслэлийн бүсийн тэмцээнд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа бүх ИДСК-ийн тэмцээнээс шалгарсан багууд оролцоно. Бүсийн тэмцээнүүд нь 2020 оны 03 дугаар сарын 16-ноос 2020 оны 03 дугаар сарын 31-ны дотор явагдана. Мөн гадаадад суралцагч оюутны дунд Москва, Бээжин хотноо гурван спортын төрлөөр наадам болно.

Наадмын шигшээ тэмцээн нь 2020 оны 04 дүгээр сарын 16-25-нд нэгдсэн шугамаар Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, анхан шат, бүсийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид оролцоно. Наадмыг БСШУСЯ, БТСГ, аймаг, нийслэлийн ЗДТГ, МОСХ, спортын холбоод зэрэг байгууллагууд удирдан явуулна.

Наадамд ИДСК-ийн өдрийн ангид суралцдаг 1995 оны 1 сарын 1-нээс 2003 оны 12 сарын 31-нд төрсөн 17-25 насны оюутнууд оролцох юм.
Монголын оюутны спортын наадмыг 2005 оноос эхлэн 4 жил тутамд 2009, 2013, 2017 онд дөрвөн жил тутамд зохиож ирсэн бол 2020 оноос эхлэн хоёр жилд нэг удаагаа явуулахаар Засгийн газрын 2018 оны 183 тогтоолд заажээ.
Та бүхэн энэхүү наадмын тэмцээний хуваарь, спортын төрөл, зохиогдох газар, хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллээ наадмын заавар болон МОСХ-ны www.mssf.mn сайтаар орж авах боломжтой юм.


0 Сэтгэгдэл - Монголын оюутны спортын 2020 оны V наадмын заавар батлагдлаа

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл үлдээхийн тулд заавал Овог нэр, шуудан хаяг, туасны дугааыг үлдээсэн байх ёстой. * Буруу мэдээлэлтэй сэтгэгдлийг устгах болно