Оюутны ёс зүйн дүрэм


1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Энэхүү дүрмийн зорилго нь оюутны суралцах үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн зарчим, хэм хэмжээг тогтоож, хэвшүүлэн сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ёс зүйн зөрчлийн талаарх гомдол саналыг хүлээн авч хянан шийдвэрлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • Сургууль оюутны байгууллагатай хамтран оюутны дагаж мөрдөх дүрэм журмыг батлах, сурталчилах, мэдээлэл танилцуулга хийх, оюутны суралцах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
  • Оюутан нь эрдэм мэдлэг эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах зөв иргэн болж төлөвшиж , чадварлаг боловсон хүчин болохыг хичээн суралцана.
  • Оюутны ёс зүй нь сургалтын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулах үндсэн нөхцлийн нэг тул оюутнаас ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.
  • Энэхүү дүрэм нь ГУДС-ийн дүрэм, дотоод журам, ГУДС-ийн Оюутны холбооны дүрэмтэй уялдана.
  • Ёс зүйн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Оюутны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Сургалтын болон оюутны албанд танилцуулагдан Захирлын тушаалаар баталгаажуулна.

2. ДҮРМИЙН НЭР ТОМЪЁО

  • Дүрэмд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    • “Оюутан” гэж ГУДС-д элсэн орох болзлыг хангаж эрх зүйн акт дүрэм журмын дагуу бүртгүүлснээр сургуулийн “бакалаврын сургалтад суралцах эрх аван суралцаж буй иргэн; /ГУДС Сургалтын журмын 2.10 заалт/
    • “Оюутны ёс зүйн зарчим” гэж суралцах хугацаанд баримтлах зөв зан үйлийн чиглэлийг;
    • “Оюутны ёс зүйн хэм хэмжээ” гэж энэхүү оюутны суралцах хугацаанд мөрдөхөөр тогтоосон шаардлагын цогцыг;
    • “Оюутны ёс зүйн зөрчил” гэж энэхүү дүрмээр тогтоосон оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг;
    • “Ёс зүйн зөвлөл” гэж оюутны ёс зүйн асуудлаар үйл ажиллагаа зохион байгуулж, зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллагыг;
    • “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж ёс зүйн зөрчилтэй холбогдуулан гаргасан гомдол саналыг холбогдох дүрэм, журмын дагуу шийдвэрлэх үйл явц;

3. ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ, ХЭМ ХЭМЖЭЭ, ЗӨРЧИЛ

  • Оюутан нь суралцах хугацаандаа хууль дээдлэх, шударга ёсыг сахих, хүнлэг энэрэнгүй байх, ямагт өөрийгөө хөгжүүлэх, соёлтой харилцааг эрхэмлэх зарчмыг баримтална.
  • Оюутан өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн дараах хэм хэмжээг дагаж мөрдөнө.
    • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь стандартын түвшинд бүрэн эзэмшинэ.
    • Суралцах үүргээ хэрэгжүүлэхдээ бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшихэд анхаарч, сурахын төлөө эрэл хайгуул хийнэ.
    • Багшийн заах ба заасан хичээлтэй холбоотой аливаа үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрийн хүчээ дайчлан суралцана.
    • Хамт суралцагчид болон багш нартайгаа харилцахдаа хичээл сургалтын ба сургалтын бус аливаа асуудалтай холбоотой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандан аливаа маргааш зөрчлийг эв зүйгээр шийднэ.
    • Иргэний харьяалал, яс үндэс, нас, хүйс, шашин шүтлэг, оюуны чадавхи, үзэл бодол, байр суурь, судалгаа эрдэм шинжилгээний чиглэл, нутаг ус, танил тал, гадаад үзэмж, хөрөнгө чинээ, нийгмийн гарал байдал, гэр бүлийн байдал, төгссөн сургууль, эрүүл мэндийн зэрэг аливаа шинжээр ялгаварлахгүй тэгш хандана.
    • Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх замаар эрдэм судлалын ажилд хичээнгүйлэн зүтгэж, эрдэм шинжилгээний чанартай өгүүлэл бичих, улмаар бүтээл туурвих түвшинд хүрнэ.
    • Компьютер ашиглан дотоод дүрэм журмыг сахиж, хичээлийн хөтөлбөр хуваарийг баримтлан хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглана.
    • Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах, хуурч мэхлэх, худал ярих зэрэг шударга бус явдалтай үл эвлэрнэ.
    • Ахмад настан, эрдэмтэн багш, ажилтан ажилчид, найз нөхөд хэн бүхэнтэй зөв боловсон харилцаж тэдний сурган заах ажилд идэвхтэй оролцон хамтран ажиллана.
    • Сургуулийн дотоод дүрэм журмыг сахиж, хичээлийн хөтөлбөр хуваарийг баримтлан хичээлийн цагийг зүй зохистой, үр бүтээлтэй ашиглана.
    • Даалгавар, ангийн ажил, бие даалтыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хүлээлгэн өгнө.
    • Цэвэрч нямбай, зөв боловсон хувцаслана.
    • Олон нийтийн газар бусадтай зөв боловсон харьцах, биеэ зөв авч явна.
    • Хичээллэж буй анги танхим, хэрэглэж байгаа ном сурах бичиг, сургалт эрдэм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж техник хэрэгслийг зохих журмын дагуу гамтай ашиглана.
  • Дараах үйлдэл эс үйлдэхүйг ёс зүйн зохисгүй хэлбэр буюу зөрчил гэж үзнэ.
    • ГУДС-ийн эрхэм зорилго, нэр хүндийг унагах аливаа үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлэх.
    • Сургуулийн удирдлага, профессор багш, ажилтан ажилчдын зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх.
    • Олон нийтийн газар бусадтай зүй бус харьцах, архи согтууруулах ундаа, мансууруулах зүйл хэрэглэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулах.
    • Багш, ажилтан, оюутан нөхдөө үл хүндэтгэн харьцах, доромжлох нэр хүндийг нь гутаах, биед халдах, гэмтэл учруулах, эд хөрөнгийг нь эвдлэх, гэмтээх, аливаа байдлаар дарамтлан сүрдүүлэх.
    • Багш, ажиллагсад болон бусад эрх бүхий хүмүүст өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хээль хахууль өгөх, өгөхөөр завдах.
    • ГУДС-ийн хичээлийн болон оюутны байр, түүний орчимд архи тамхи хэрэглэх, хөзөр мөрийтэй тоглоом тоглох, мансууруулах болон сэтгэцэнд нөлөөлөх бодис, хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх шатамхай бодис зэрэг аюултай зэвсэг хэрэгсэл хэрэглэх буюу биедээ авч явах, хичээлийн цагаар компьютерийн тоглоом тоглох.
    • Сургуулийн анги танхим, лаборатори, дотуур байранд зөвшөөрөлгүй нэвтрэх дотор нь байрлах, бие даах төв, биеийн тамирын заал, хоолны газар, бие засах газар, коридор зэрэг нийтийн эзэмшлийн байр, талбайд чанга дуу авиа гаргах, орилох, исгэрэх, чанга инээлдэх, хөгжим дуугаргах, ноцолдох, бүдүүлэг танхай үг хэллэг хэрэглэх, зохисгүй хувцаслах, элдэв хог, шүлс, нус, цэр, бохь, тамхины иш хаях, цонх тагтнаас элдэв зүйл шидэх.
    • Ёс зүйн зөрчил гарсныг болон хэн гаргасныг нь мэдэж байсан боловч санаатай нуун дарагдуулах.
    • Суралцагч нь хувийн үзэл бодлоо хамт олны байр суурь хэмээн санаатайгаар ойлгуулахыг оролдох.
    • Сургуулиас санаачилсан болон зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах.
    • Зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хөрөнгийг хувийн зорилгод ашиглах.
    • Хамт суралцагч болон бусад хүмүүсийг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог, хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах, анги курсын ялгаа гарган дарамтлах.
    • Багшийн өгсөн дүн оноог засч, үнэлгээг өөрчлөх.
    • Дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засвар оруулах, өөрчлөх, зүй бусаар бусдад дамжуулах, ашиглуулах.
    • Хичээл тасла, хичээлээс хоцрох, хичээл дундуур гарч явах, хичээлийн цагаар бусдын сурах үйл ажиллагаанд саад учруулж хичээлд холбогдолгүй зүйл хийх, утсаар ярих, мессеж бичих, тоглох, дуу хөгжим сонсох, бусдын тавсан шаардлагыг үйл ойшоож хичээлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, шалгалтын ажлыг гүйцэтгэх явцад бусдад мэдээлэл өгөх, мэдээлэл авах, шалгалтанд зөвшөөрөгдөөгүй материал авч орох, ашиглах.
    • Сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн сурах бичиг, гарын авлагыг зүй зохисгүй ашиглах, гэмтээх, устгах, дахин ажиглах боломжгүй болгох.
    • Сургууль, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дур мэдэн ашиглах, эзэмшилдээ авах, зориулалтын бусаар ашиглах, шамшигдуулах.
    • Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэл, худал үймүүлэх.
    • Сургуулийн орчинд ил задгай зохисгүй хувцаслах.
    • Бусдын өмнөөс шалгалт өгөх, бусдыг өөрийнхөө өмнөөс шалгалтанд оруулах.
    • Бие даан гүйцэтгэхээр заасан лабораторийн ажил, дадлага, судалгааны ажлыг бусдаар хийлгэх, бусдын хийсэн зүйлийг хуулбарлах.
    • Хичээлийн даалгавар бие даалтын ажил лабораторийн аижл, судалгааны үр дүн бусад даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын хийсэн ажил, дэвшүүлсэн санааг өөрийн болгож хууран мэхлэх.

4. ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРЭГ БҮТЭЦ, АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭР

  • Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг холбогдох дүхэм журмын хүрээнд хянан шийдвэрлэхэд оршино.
  • Бүрэлдэхүүн сургуулиуд оюутны ёс зүйн зөвлөлтэй байна.
  • Зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн дарга нь бүрэлдэхүүн сургуулийн захирал, нарийн бичгийн дарга нь оюутны зөвлөлийн дарга байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирлын тушаалаар баталгаажуулна.
  • Зөвлөл дараах чиг үүргийн хэрэгжүүлнэ.
    • Оюутны ёс үзйн дүрмийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавих.
    • Ёс зүйн хэм хэмжээний талаар сургалт сурталчилгааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх.
    • Ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутанд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг, шалгаж тогтоосон баримтын хамт бүрэлдэхүүн сургуулийн захиралд хүлээлгэн өгч шийдвэрлүүлэх.
  • Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар дүгнэлт, хурлын тэмдэглэл гаргаж, зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
  • Зөвлөлийн гишүүд нь аливаа зөрчилд холбогдож байгаагүй хамт олныхоо дунд нэр хүнд бүхий үлгэр жишээ тэргүүний оюутан байна.
  • Зөвлөлийн даргын эрх, үүрэг
    • Үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан биелэлтэд хяналт тавих
    • Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгах гишүүл, ажлын хэсгийн томилох
    • Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
    • Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах
  • Зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
    • Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах
    • Үүрэгт ажилтай нь холбогдуулан өөрт нь мэдэгдсэн нууцыг чанд хадгалах
    • Ёс зүйн зөрчлийн талаарх гомдол саналыг өөрөө гаргасан, өөрөө шууд болон шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой бол хянан шийдвэрлэх үйл ажиллагаанаас татгалзах
    • Зөвлөлийн хуралдаанд тухайн оюутан ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар санал хэлэх

5. ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

  • ГУДС-ийн нийт профессор багш ажилтан ажилчид, оюутан суралцагч бүр ёс зүйн зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох, зүй ёсны шаардлага тавих, зөвлөлд хандан, ёс зүйн зохисгүй үйлдлийн талаарх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй.
  • Оюутны ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар багш, ажилтан оюутнаас гаргасан гомдлыг нарийн бичгийн дарга хүлээн авч, Зөвлөлийн даргад танилцуулна.
  • Зөвлөлийн дарга тухайн гомдол хүсэлтийг шалгах гишүүн, ажлын хэсгийг томилно.
  • Гишүүн, ажлын хэсэг гомдол хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шалгана. Хэрэв нэмэлт материал шалгах шаардлагатай бол Зөвлөлийн дарга хугацааг 7 хүртэл хоногоор сунгана.
  • Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахаар томилогдсон гишүүн, ажлын хэсэг нь тухайн оюутан сургуульд дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг зөрчсөн эсэх талаар нарийвчлан шалгана.
  • Шалгалтыг явуулахдаа холбогдох албан тушаалтан, оюутнаас баримт гаргуулах, тайлбар авах эрхтэй.
  • Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг ёс зүйн зөвлөл хянан шийдвэрлэх бөгөөд зөрчил гаргасан оюутанд зөрчлийн хэм хэмжээ, нөхцөл байдлыг харгалзан бүрэлдэхүүн сургуулийн захирал тушаал гаргаж, дараах сахилгын шийтгэлийг ногдуулна
    • Амаар болон бичгээр сануулах
    • Суралцах эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх
    • Учируулсан хохирлыг нөхөн төлүүлэх
    • Оюутныг сургуулиас чөлөөлөх
  • Сануулах сахилгын шийтгэлийг анх удаа зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан оюутанд, өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлүүлэх, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, хуулийн байгууллагаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол сургуулиас хасах хүртэл сахилгын шийтгэл ногдуулна.
  • Сургуулиас хасах шийтгэл хүлээсэн оюутанд сургалтын төлбөрийн буцаан олгохгүй бөгөөд энэ дүрэмд заасан ёс зүйн зөрчил гэж үзсэн үйлдлүүдийг мэдээгүй байсан нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй.