СУРГАЛТЫН АМЖИЛТ ҮНЭЛЭХ ЖУРАМ


1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Суралцаж буй мэргэжлийг эзэмшихэд тухайн хичээлээр заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг Глобал удирдагч дээд сургуулийн суралцагч хэрхэн эзэмшсэнийг буюу сурлагын амжилтыг үнэлэхэд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Глобал удирдагч дээд сургуулийн Сурлагын амжилт үнэлэх журам нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн ба Глобал удирдагч дээд сургуулийн Сургалтын журам болон Дотоод чанарын баталгаажуулалтын журмын хүрээнд үйлчилнэ.
  • Энд хэрэглэсэн нэр томьёог Глобал удирдагч дээд сургуулийн Сургалтын журам болон Дотоод чанарын баталгаажуулалтын журамд зааснаар ойлгоно.
  • Суралцагчийн сурлагын амжилт үнэлэх үнэлгээ нь явцын үнэлгээ, шалгалт, тайлан хамгаалах, бусад гэсэн хэлбэртэй байх ба энэхүү үйл ажиллагаа нь Дотоод чанарын баталгаажуулалтын Суралцахуйн үйлийн чанарын баталгаажуулалтын нэг хэсэг мөн.
  • Суралцагч аль ч төрөл, хэлбэрийн үнэлгээ хийлгэхдээ бусдаас хуулан бичих, мэдээллийн зөвшөөрөгдөөгүй эх үүсвэр ашиглах, үнэлэх үйл явцад өөрийн өмнөөс өөр хүн оруулах, өөр хүний гүйцэтгэсэн ажлыг өөрийн гүйцэтгэсэн ажил гэж танилцуулах зэргээр хуурч мэхлэх үйлдэл хийсэн тохиолдолд үнэлж буй багш проткол хөтлөн энэхүү хууран мэхлэхэд оролцсон суралцагч нэг бүрт “F” дүн тавьж, Сургалтын албанд мэдэгдэнэ. Энд заасан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзнэ.
  • Багш аль ч төрлийн үнэлгээ хийхэд суралцагчийг оролцуулахдаа хотын нийтийн тээврийн унаа зогсохоос өмнө уг суралцагчийг чөлөөлсөн байна. Шалгалтаас бусад үнэлгээг нийтээр амрах өдөр суралцагчийг оролцуулан үнэлэхийг хориглоно.
  • Сургалтын явцад Сурлагын амжилтын хөндлөнгийн үнэлгээг Дотоод чанарын баталгаажуулалтын журмын дагуу хийж болох ба энэхүү шалгалтын дүн нь Сурлагын амжилт үнэлэх үнэлгээнд дор дурдсанаас бусад тохиолдолд үл нөлөөлнө, үүнд:
    • Сурлагын амжилтын үнэлгээ бодит байдалд тохироогүй гэж Дотоод чанарын баталгаажуулалтын журмын дагуу дүгнэсэн бол;
    • Энэхүү журмын 1.7.1-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд Сурлагын амжилт үнэлэх үйл явцыг Сургалтын алба санал болгож Гүйцэтгэх захирал баталсан комисс дахин гүйцэтгэнэ. Энэхүү комиссын үйл ажиллагааны зардлыг Сурлагын амжилт дахин үнэлж буй хичээлийн дадлага хичээлийн цагийг Сургалтын журамд заасны дагуу кредитэд шилжүүлсэн хэмжээг нэг кредитийн төлбөрт үржүүлээд, үнэлгээнд орсон суралцагчийн тоонд үржүүлсэн мөнгөн дүнгээр бодит байдалд тохироогүй үнэлгээ хийсэн багш/комисс/ төлнө.
    • Энэхүү журамд заасны дагуу Сурлагын амжилтын үнэлгээ бодит байдалд тохироогүй гэсэн гомдол нэг дор үнэлүүлсэн суралцагч нарын 50, түүнээс дээш хувь эзлэх суралцагчид энэхүү журамд заасны дагуу Сургалтын албанд гаргасан гомдлыг хөндлөнгийн этгээдээр шийдвэрлүүлэхэд гомдол гаргасан суралцагчдын 66-с дээш хувьд үнэлгээ бодит байдалд тохироогүй гэсэн дүн гарвал энэхүү журмын 1.7.2 –т зааснаар комисс томилж, уг комиссын зардлыг мөн заалтад зааснаар төлүүлнэ. Энэ тохиолдолд гомдол гаргасан суралцагч нарын энэхүү журамд зааснаар гомдол гаргасантай холбогдуулан төлсөн төлбөрийг уг суралцагчдад буцаан олгоно.
    • Энэхүү журмын 1.7.2, 1.7.3 -т заасан комиссын үнэлгээний дүн нь уг үнэлгээнд орсон суралцагчийн тус хичээлийн Сурлагын амжилтын үнэлгээ гэж бүртгэнэ.

2. ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ

  • Багш суралцагчийн явцын үнэлгээг Хичээлийн мэдээнд өдөр бүр, сэдвийн шүүлэг, бие даалт зэрэг хэлбэрийн сургалтын үнэлгээг тус тусад нь нэг бүрчлэн хичээлийн мэдээний хуудсанд бүртгэж, дадлагын хичээл дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор Сургалтын албанд өгнө.
  • Багш явцын үнэлгээг урьдчилсан байдлаар Багшийн ажлын дэвтэрт бүртгэж улмаар Хичээлийн мэдээнд нэгтгэн хуулж бичиж болно. Багшийн ажлын дэвтрийн загварыг Сургалтын алба боловсруулж Дотоод чанарын баталгаажуулалтын хороо дэмжсэнээр Гүйцэтгэх захирал батлана.
  • Хичээл курацаар орох тохиолдолд Хичээлийн мэдээ болон Шалгалтын мэдээг нэгтгэсэн нэг хуудсанд бүртгэн Сургалтын алба багшид өгч болох ба багш мөн нэгтгэсэн байдлаар бүртгэж дээр дурдсан хугацаанд мөн албанд өгнө.
  • Суралцагч танхимын семинар, лаборатори, кэйс, дадлага /цаашид дадлагын хичээл гэх/-н сургалтад суралцахад тухайн хичээлийн хөтөлбөрт заасны дагуу суралцагч нэг бүрийг өдөр бүр нэгээс доошгүй удаа/ирц идэвхийн үнэлгээнээс гадна/ үнэлэхээс гадна, дадлагын 16-24 цаг сургалт тутамд /хичээлийн сүүлийн хэсгийг эс тооцож/ нэг удаа сэдвийн шүлэг авч тус тус рейтинг оноогоор үнэлнэ. Энэхүү үнэлгээнд ирц, идэвхи санаачлага, бичгийн тест, асуултад амаар хариулсан, үйлдэл гардан гүйцэтгэсэн, бие даан ажил гүйцэтгэсний тайлан, илтгэл, бүлгийн ажил, кэйс сургалт, хэлэлцүүлэгт оролцсон байдал, хичээлийн уралдаант хэлбэрт оролцсон байдал болон сургалтын бусад үйл ажиллагааг үнэлсэн үнэлгээ /жишээ нь, өвчний түүх бичих, жижүүр хийж тайлагнах / тус тус багтана.
  • Явцын үнэлгээ болон улирлын шалгалтын нэгдсэн үнэлгээний рейтинг онооны нийлбэрийн дээд утга 100 байхаар хичээлийн хөтөлбөрт заана, үүнд:
    • дадлагын хичээлийн багтаамж 1 түүнээс цөөн кредит бол явцын үнэлгээ 60-с ихгүй, улирлын шалгалтын үнэлгээ 40-с ихгүй хувь тус тус эзлэнэ;
    • дадлагын хичээлийн багтаамж 1-с олон кредит бол явцын үнэлгээ 70-с ихгүй, улирлын шалгалтын үнэлгээ 30-с ихгүй хувь тус тус эзлэнэ;
  • Явцын үнэлгээ нь хичээлийн хөтөлбөрт явцад үнэлэхээр заасан сургалтын төрлүүдийн үнэлгээ буюу дэд онооны нийлбэрээс бүрдэнэ.
  • Сургалтын дараах үйл ажиллагааг үнэлэх дэд оноонд ногдох рейтинг оноо явцын нийт үнэлгээнд дор дурдсан хувь эзлэнэ, үүнд:
    • ирц, идэвхи санаачлагын үнэлгээ 10-с ихгүй;
    • товч тест, товч асуулт зэрэг өдөр бүр мэдлэг шалгах шуурхай үнэлгээ хичээлийн өдөр тутамд 1-2;
    • сэдвийн шүүлгийн үнэлгээ сэдвийн шүүлэг тутамд 10;
    • бие даан гүйцэтгэсэн ажлын тайлангийн үнэлгээ хичээлийн нэг кредит багтаамж тутамд 5-10;
    • илтгэлийн үнэлгээ 15-с ихгүй;
    • кэйс сургалтад оролцсон үнэлгээ 20-с багагүй /кэйс сургалт явуулахаар сургалтын төлөвлөгөөнд заасан бол/;
    • өвчний түүх бичсэний үнэлгээ 10, жижүүр хийсний үнэлгээ 5 /курациар явах эмнэл зүйн сургалтын хувьд/;
    • хичээлийн хөтөлбөрт зайлшгүй эзэмшвэл зохих чадвар дотор гардан хийх үйлдэл заасан бол үйлдэл нэг бүрт 3-с ихгүй:
  • Дэд онооны нийлбэрийг рейтинг оноонд шилжүүлэхэд бутархай тоо гарч болох боловч явцын нийт үнэлгээнд тооцохдоо уг рейтинг оноог бүхэл тоогоор оруулна, жишээ нь, энэхүү журмын 2.3.2-т заасан үнэлгээг багш өдөр бүр 0(F),2(D),3(C),4(B),5(A) гэсэн шаталбараар үнэлэх бол эдгээр үнэлгээний нийлбэрийг энэ үнэлгээгээр авах дээд оноотой харьцуулан хувилж явцын нийт үнэлгээнд оруулан тооцоно /тооцооны жишээ: хичээл 8 удаа /өдөр/ орох ба хичээлийн хөтөлбөрт энэ төрлийн үнэлгээнд 16 оноо ногдуулсан байхад суралцагч 5,4,3,5,4,2,0,5 үнэлгээ авсан гэж үзвэл эдгээр үнэлгээний нийлбэр (5+4+3+5+4+2+0+5)=28, харин суралцагч авч болох дээд оноо 40 болно, иймд тухайн суралцагчийн авах рейтинг оноог {(28*16)/40} гэж тооцоод бүхэлдэнэ, энэ тохиолдолд 11.2 гарч байгааг 11 гэж бүхэлдэн явцын нийт үнэлгээнд оруулж тооцоно.
  • Сэдвийн шүүлгийг бичгээр, амаар, гардан үйлдлээр, асуудал шийдвэрлэх аргаар, багийн ажлаар, мөн эдгээрийг эсвэл эдгээрийн заримыг хослуулан авч болно.
  • Гадаад хэл, мэдээллийн технологи болон эдгээртэй дүйцэх бөгөөд ерөнхий эрдмийн хичээлээр суралцагчаас түвшин тогтоох шалгалт авч, уг шалгалтын үнэлгээг явцын үнэлгээнд тооцон улирлын шалгалтад оруулах асуудлыг багш шийдвэрлэн Сургалтын албанд бүртгүүлж зөвшөөрөл авсанаар уг суралцагчийг дадлагын хичээлээс чөлөөлж болно. Ийнхүү дадлагын хичээлээс чөлөөлүүлэх хүсэлтийг суралцагч тухайн хичээл орох үндсэн улирлын өмнө Сургалтын албанд бичгээр гаргах ба ингэж чөлөөлсөн нь тухайн хичээлд ногдох кредитийн төлбөрийг Сургалтын төлбөрөөс хасч тооцох үндэслэл үл болно.

3. УЛИРЛЫН ШАЛГАЛТ

  • Улирлын шалгалт нь суралцагч тухайн хичээлээр заавал эзэмших ёстой мэдлэг, чадварыг суралцагч хэр хэмжээнд эзэмшиснийг нэгтгэж үнэлэх зорилготой бөгөөд уг шалгалтын агуулгад мөн хичээлээр эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал бүрэн багтсан байна.
  • Нэг, түүнээс доош кредит багтаамжтай хичээлээр улирлын шалгалт авалгүйгээр явцын дүнгээр тухайн хичээлийн кредитийг суралцагч биелүүлсэнд тооцож болно.
  • Харилцан хатуу уялдаа бүхий агуулгатай хэд хэдэн хичээлийн улирлын шалгалтыг нь тохируулан нэгтгэж авч болно.
  • Улирлын шалгалтыг бичгээр, амаар, гардан үйлдлээр, асуудал шийдвэрлэх аргаар, багийн ажлаар, мөн эдгээрийг эсвэл эдгээрийн заримыг хослуулан эсвэл шалгалт авах бусад дэвшилтэд хэлбэрээр авч болно.
  • Улирлын шалгалтыг тухайн улирал, уг улирлын амралтын хугацаанд багтааж 3-с доошгүй удаа авна.
  • Улирлын эхний шалгалт авах өдрийг хичээлийн хуваарьтай холбож хичээлийн хөтөлбөрт заах эсвэл улирлын эхний шалгалтын хуваарьт тусгасан байна. Улирлын эхний шалгалтын хуваарийг Сургалтын албанаас гаргаж уг шалгалт авахаас 14 хоногийн өмнө Хуваарийн самбарт байршуулна.
  • Тухайн улирлын төгсгөлд бөгөөд улирлын амралт эхлэхээс өмнө эсвэл дадлагын хичээл дууссан тэр дор улирлын эхний шалгалт авах хуваарийг тухайн улирлын амралтын хугацаанд багтааж авахаар Сургалтын албанаас гаргаж Хуваарийн самбарт байршуулна.
  • Дадлагын хичээл курацаар орж буй тохиолдолд улирлын нөхөн болон дахин шалгалтыг суралцагч өөр ангийн суралцагч нартай хамт өгөхийг зөвшөөрнө. Ингэж шалгалт өгөх тухай хүсэлтээ суралцагч Сургалтын албанд урьдчилан бичгээр өгч зөвшөөрөл авснаар /шалгалтын мэдээнд оруулснаар/ суралцагч тус шалгалтыг өгөх эрх нээгдэнэ.

4. НЭГДСЭН ШАЛГАЛТ

  • Сургалтын төлөвлөгөөнд заасанчлан 1-4 улирлын хичээлийн агуулыг багтаасан хүрээнд Нэгдсэн шалгалт авч болно.
  • Нэгдсэн шалгалт нь суралцагч тухайн улирлуудад суралцсан хичээлээ нэгтгэн хэвтээ интенграци бүрдүүлэхэд чиглэсэн бие даан суралцах үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгалт юм.
  • Тухайн шалгалтад хамаарах хичээлүүдээр заавал эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагыг иж бүрнээр, хэвтээ интеграцид зангидсан байдлаар авах арга зүй сонгож нэгдсэн шалгалт авна. Нэгдсэн шалгалт хамарч буй улиралд суралцсан хичээлийн заавал эзэмших мэдлэг, чадвар, хандлагын агуулгад багтаагүй мэдлэг, чадвар, хандлага уг шалгалтын агуулгад оруулахыг хориглоно.
  • Нэгдсэн шалгалтын эхний шалгалтад бэлтгэх хугацаа хуанлийн 7 хоногоос багагүй хугацаатай байх ба уг хугацаанд Профессорын багийн санал болгосон багш нар 3-с доошгүй удаа нэгтгэсэн /буюу шалгалтын агуулгыг бүрэн хамарсан/ зөвлөгөө Сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу өгнө.
  • Нэгдсэн шалгалт авах арга зүйг тухайн хичээлүүдийг хариуцсан Профессорын багийн санал болгож Сургалтын алба хянан, Дотоод чанарын баталгаажуулалтын хороо дэмжсэнээр Гүйцэтгэх захирал батална.
  • Нэгдсэн шалгалтад хамрагдаж буй улирал нэг бүрийн Улирлын шалгалтад амжилттай үнэлүүлсэн суралцагч уг шалгалтад орох эрх нээгдэх ба Шалгалтын мэдээний хуудаст нэр заасан суралцагчаас мөн шалгалтыг авна.
  • Нэгдсэн шалгалтад тухайн үндсэн улирал болон уг улирлын амралтын хугацаанд амжилттай үнэлүүлээгүй суралцагчийг дараагийн улиралд дэвшүүлэн суралцуулахгүй болно.
  • Нэгдсэн шалгалт авах улирал, түүний амралтын хугацаанд багтааж уг шалгалтыг 3 удаа авахаар хуваарь Сургалтын алба гаргаж Хуваарийн самбарт эхний шалгалт авахаас хуанлийн 14 хоногийн өмнө байршуулна.
  • Нэгдсэн шалгалтыг Сургалтын алба санал болгож Дотоод чанарын баталгаажуулалтын хороо дэмжсэнээр Гүйцэтгэх захирлын баталсан Нэгдсэн шалгалтын комисс авна.

5. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

  • Суралцагч сургалтын хөтөлбөрт заасан кредитийг бүрэн цуглуулсан даруй сурлагын амжилтын төгсөлтийн үнэлгээ хийлгэж амжилттай үнэлүүлснээр тухайн сургалтыг дүүргэсэн тухай диплом, үнэмлэх болон эдгээртэй дүйцэх төгсөлтийн баримт бичиг гардан авах эрх нээгдэнэ.
  • Төгсөлтийн үнэлгээ нь төгсөлтийн шалгалт, төгсөлтийн ажил /дипломын ажил, магистрын ажил гэх мэт/-н тайлан хамгаалах гэсэн хэлбэртэй байх ба төгсөлтийн үнэлгээг үндсэн улирлын төгсгөлд зохион байгуулна.
  • Тухайн хөтөлбөрийн Сургалтын төлөвлөгөөнд энэ хоёр хэлбэрийн алинаар эсвэл хоёуланг ашиглаж үнэлэх тухай тодорхой зааж өгсөн байна.
  • Төгсөлтийн шалгалтыг Төгсөлтийн шалгалтын комисс авна. Уг комиссын бүрэлдэхүүнийг Гүйцэтгэх захирлын санал болгосноор Эрдмийн зөвлөл хэлэлцэж батлана. Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд тухайн мэргэжлийн багш нарыг оролцуулахаас гадна боловсрол судлалын чиглэлээр мэргэшсэн эсвэл туршлага бүхий боловсролын доктороос дээш зэрэг бүхий эксперт түвшний эсвэл боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад удирдах албан тушаал хашиж буй мэргэжилтэн түүнтэй зөвшилцсөний дагуу оруулж болно.
  • Төгсөлтийн шалгалтад орох эрх бүхий суралцагчийн нэрсийг Сургалтын албанаас гаргаж Төгсөлтийн шалгалтын комисст өгнө.
  • Төгсөлтийн шалгалт авах арга зүйн чиглэлийг тухайн хөтөлбөрийн Сургалтын төлөвлөгөөнд зааж өгөх ба уг шалгалт авах арга зүйн дэлгэрэнгүй удирдамжийг Сургалтын алба санал болгож, Төгсөлтийн шалгалтын комисс дэмжсэний дагуу Гүйцэтгэх захирал батлаж мөрдүүлнэ.
  • Төгсөлтийн шалгалтад орсон суралцагчийн сурлагын амжилтыг рейтинг оноогоор үнэлж, үсгэн дүн тавина.
  • Төгсөлтийн ажлын тайлан хамгаалсны дагуу магистрын зэрэг олгох бол уг тайланг Эрдмийн зөвлөлд хамгаална, бусад тохиолдолд төгсөлтийн ажлын тайланг Төгсөлтийн шалгалтын комисст хамгаална.
  • Төгсөлтийн ажлын тайлангийн загварыг Хөтөлбөрийн захирал /менежер/ боловсруулж Дотоод чанарын баталгаажуулалтын хороо дэмжсэний дагуу Гүйцэтгэх захирал батлана. Уг загварыг боловсруулахдаа судалгааны ажлын тайлангийн нийтлэг жишгийг баримтлана.
  • Тайлан хамгаалуулах зөвлөлийн гишүүн нэг бүрээр Онооны хүснэгт бөглүүлж дундаж оноог тооцож гаргаад уг оноо нийт авбал зохих онооны 70 хувьд хүрсэн тохиолдолд хамгаалсан гэж үнэлэх ба хамгаалсан үнэлгээ авсан суралцагчийн хамгаалалтын амжилтыг A,B,C гэсэн үсгэн дүнгээр үнэлнэ. Бусад тохиолдолд төгсөлтийн ажлын тайланг эс хамгаалсан гэсэн шийдвэр гаргана. Суралцагч Төгсөлтийн ажлыг дараа үндсэн улирлын төгсгөлд дахин хамгаалах хүсэлт нэг удаа гаргаж болно.
  • Суралцагч төгсөлтийн ажлын тайланг 2 шаттайгаар хамгаалах байдлаар үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж болно.

5. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ НЬ

  • Суралцагчийг үнэлсэн багш /комисс/-н дүнтэй суралцагч санал нийлэхгүй байж болох ба энэ талаар суралцагч Сурлагын амжилтын үнэлгээ бодит байдалд тохироогүй гэсэн гомдол эхний ээлжинд тухайн үнэлгээ өгсөн этгээдэд хандаж гаргана, энэхүү гомдлын хариутай суралцагч санал нийлэхгүй бол Сургалтын албанд бичгээр гомдол гаргана, хэрэв Сургалтын албаны шийдвэртэй суралцагч санал нийлэхгүй бол Гүйцэтгэх захиралд бичгээр гомдол гаргаж болно.
  • Сургалтын алба суралцагчийн гомдлыг хүлээн авч үнэлээг өгсөн этгээдтэй уулзаж асуудлыг тодруулаад, шаардлагатай бол хөндлөнгийн этгээдээр үнэлүүлнэ. Ийнхүү үнэлүүлэх бол хөндлөнгийн этгээд үнэлгээ хийсэн зардлыг суралцагч Сургалтын журмын 11.3-т заасан дүнгээр төлнө.
  • Гүйцэтгэх захирал суралцагчийн үнэлгээ бодитой эсэх талаархи гомдлыг хүлээн авч, Дотоод чанарын баталгаажуулалтын хороогоор хэлэлцүүлэн уг хорооны шийдвэр, уг шийдвэрийн үндэслэлийг суралцагчид танилцуулна.