
Бидний аяллын хөтөлбөр шахамдуу, өдөрт хоёр сургуулиар сурвалжлах хуваарьтай, зарим сургуулийн байршил тарамдуу тул аль болох эртнээс урьдчилан хэл дуулгасандаа ярилцлага өгөх багш оюутнуудаа яг таг бэлтгэсэн байлаа.
Тайваний үндэсний их сургуулиар (National Taiwan University) зочлов. Манайхаар бол МУИС. Дэлхийн QS эрэмбээр 63-т, Азидаа 23-д жагсаж байна. Энэ өндөр шалгууртай их сургуульд Тайваний боловсролын яамны тэтгэлгээр суралцаж буй хоёр Монгол оюутнуудаараа бид бахархлаа. Тэдгээр монгол оюутнууд Тайваны Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг бөгөөд бөмбөрцгийн дайдаас ирсэн оюутнуудтай нэгэн түвшинд ярилцаж, хичээл номондоо түүртсэн янз алга. Эртнээс хичээл номондоо шамдаж, гадаад хэлээ түлхүү үзсэний шагналд тэд өндөр шалгууртай тэтгэлэгт тэнцэж, сар бүр 800 орчим ам долларын тэтгэлэг авах эрх нь нээгджээ.
























































