Глобал Удирдагч Их Сургууль нь дээд боловсролын салбарт бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг явуулдаг, хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, дээд боловсролын салбарт “ЧАНАРЫН МАНЛАЙЛАГЧ СУРГУУЛЬ болж, орчин үеийн дэвшилтэт сургалт, судалгааны ажлын чанараар нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилго, стратегийг тавин ажиллаж буй хувийн хэвшлийн сургууль юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг удирдлага болгон сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, мэдээллийн эрэн зуунд дээд боловсролын салбарын төрөл бүрийн өмчийн байгууллагын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор сургуулийнхаа 15 жилийн ойг тохиолдуулан “ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖИЛ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 12-р сарын 15-ны өдөр тус сургууль дээр зохион байгууллаа.
Уг хуралд Хонг Конгийн Их Сургуулийн доктор, эмирит профессор, хүндэт профессор хэргэмтэй US ранкийн 1-рт эрэмбэлэгддэг эрдэмтэн Жерард Постилайн (Gerard A.), АНУ болон Европын Холбооны Тив дамнасан их сургуулийн ерөнхийлөгч бөгөөд насанд хүрэгчдийн боловсролын салбарын дэлхийн тэргүүлэгч эрдэмтэн, Швейцарийн SMC их сургуулийн дэд захирал асан, доктор Тед Сан (Ted Sun), Сөүлийн Хэвлэл мэдээллийн технологийн их сургуулийн ерөнхийлөгч, доктор Ким Кван Су (Kim Kwang Soo), Тайванийн Азийн Их Сургуулийн декан, доктор Йингхуэй Чен (Yinghuei Chen) нар оролцож өөрсдийн илтгэлийг хэлэлцүүллээ. Мөн Сөүлийн Хэвлэл мэдээллийн технологийн их сургуулийн төлөөлөгч эрдэмтэн, судлаачид урилгаар оролцлоо.
Түүнчлэн БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ҮБХИС, ДХИС, ХААИС, Удирдлагын академи, Глобал Удирдагч их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монгол-Германы хамтарсан Техникийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Санхүү, эдийн засгийн сургууль, Монгол Улсын Эрдмийн Их сургууль, Олон улсын Их Засаг их сургууль, Удирдлагын академи, Дорнод их сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид идэвхитэй оролцож санал бодлоо солилцлоо.
Тус хуралд гадаад, дотоодын нийт 50 гаруй эрдэмтэн судлаачид судалгааныхаа ажлын үр дүнгээр 30 гаруй илтгэлийг хэлэлцүүлсний сацуу эрдэмтэн судлаачид, докторант, магистрантууд зайнаас хурлын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэхүү хурал нь УЛСЫН ИХ ХУРЛААР БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИУДЫГ ХЭЛЭЛЦЭХ ЦАГ үетэй давхцаж байгаагаараа онцлогтой юм.
Уг хуралд дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий гадаадын 4 эрдэмтэн, гадаадын их сургуулиудын 9 төлөөлөгч эрдэмтэд, академич 2, Монгол Улсын гавьяат цолтон 4, шинжлэх ухааны доктор 6, боловсролын доктор 26 оролцсон нь хурлын далайц, онол, практикийн ач холбогдол, эрэлт, хэрэгцээг тодорхойлж байна гэж хуралд оролцогчид үзэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Мэдээлэлжсэн эрэн дэх аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын өнөө үед Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээнд их сургуулийн хөгжил, боловсролын байгууллагын тэгш хамралт, хүртээмжтэй байдал, чанарын баталгаажуулалт, сургалтын технологи, арга зүй, төгсөгчдийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлт зэрэг тулгамдаж буй олон асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, арга замыг дэвшүүлж, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж буйд хурлын ач холбогдол оршиж байна.