
Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конгтой алхаа нийлэн хөгжсөн Тайвань нь “Азийн дөрвөн бар”-ын нэг гэдгээрээ алдаршсан. Тайвань бол Дэлхийн 2-р дайны дараа экспорт худалдааны стратегийг баталсан анхны орон хэмээн сайшаагддаг. Тайваний эдийн засгийн гайхамшгийн нэг нууц нь шинжлэх ухаан технологийн их сургуулиудыг олноор байгуулсан явдал байдаг. Олон мянган залуучуудаа үйлдвэржсэн Япон, Герман, АНУ зэрэг улсуудад явуулж шинжлэх ухааны хамгийн сүүлийн ололтуудыг судлуулж чадсан учраас өнөөдөр Foxconn, TSMC зэрэг дэлхийн түвшний компаниудыг төрүүлж чадсан байдаг. Тайванийн мэдээллийн технологи (IT) болон электроникийн салбар нь 1980-аад оноос хойш бүтээгдэхүүний асар их нийлүүлэлтийг хариуцаж ирсэн. Аж үйлдвэрийн технологийн судалгааны хүрээлэн (ITRI) нь 1973 онд хөгжиж буй технологийн салбарын шинэ эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан. Энэ нь Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани (TSMC) зэрэг старт-ап компаниудыг бий болгох, 520 орчим өндөр технологийн компани, 150,000 ажилтантай Хсинчу шинжлэх ухаан, аж үйлдвэрийн парк (HSP)-ийг барихад хүргэсэн гэж хэлж болно. Энэ нь транзистор-шингэн болор дэлгэц (TFT-LCD хавтан) үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт (41.4 хувь), LCD дэлгэц (27 хувь) болон LED (19 хувь) үйлдвэрлэлээрээ гуравдугаарт бичигджээ.
Бид 10,000 шилдэг залуучуудаа инженер технологийн чиглэлээр магистр, докторт сургаж шинжлэх ухаанаа өөднө татах, улмаар үйлдвэржилтээ дэлхийд гаргах боломж байна. Жилийн 3000-хан ам долларын төлбөртэй Taiwan Tech их сургуульд аймаг бүрээс оюутан сургах боломж буй. Одоо хөгжлийг холоос биш ойроос харах хэрэгтэй болжээ.















