Сургуулийн танилцуулга

school

Дэлхийн боловсролыг Монголдоо уриатай Глобал Удирдагч Их сургууль (ГУИС) нь анх Глобал Удирдагч сан нэртэйгээр 2005 онд үүсэн байгуулагдаж, 2007 онд Глобал Удирдагч Коллеж болж өргөжсөн. 2014 оноос дээд сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж 2020 онд их сургуулийн статуст шилжсэн. Тус сургууль нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад 4500 гаруй оюутнуудыг тэтгэлэгтэй сургаж 5 сая гаруй долларын тэтгэлгийн санг бүрдүүлж чадсан цорын ганц дээд боловсролын байгууллага юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцахыг хүссэн суралцагч бүрийн зорих газар нь Глобал Удирдагч Их Сургууль болж чадсан.

Глобал Удирдагч Их Сургууль нь хоёронтаа магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь анагаах, сувилахуй, бизнес, хууль, хүмүүнлэг, ахисан түвшний 6 бүрэлдэхүүн сургуулиараа дамжуулан бакалавр, магистр, докторын түвшний 20 гаруй мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. ГУИС-ийн дэргэд  Шинэ Зууны Удирдагч олон улсын сургууль үйл ажиллагаа явуулж байна. “Глобал Удирдагч” аян, “Global CEO” зэрэг Монголын нийгмийг байлдан дагуулсан телевизийн нэвтрүүлгүүдээрээ дамжуулан олон мянган залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад сурах гарцыг нээж чадсан нь Глобал Удирдагч Их Сургууль дэлхийн иргэн бэлтгэх эрхэм зорилгынхоо хүрээнд амжилттай ажиллаж байгаагийн илрэл юм.

ГУИС нь 2007 онд Өлзийт Банк Санхүүгийн Коллеж, 2018 онд Их Монгол Дээд сургуулийг өөртөө нэгтгэснээр мэргэжлийн хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэн,  сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлаа өргөжүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан бөгөөд гадаадад шилжин суралцсан шилдэг төгсөгчид Amazon, Apple зэрэг дэлхийн компаниудад ажиллаж байна. АНУ, Өмнөд Солонгос, Тайваньд суралцаад ирсэн төгсөгчид Монголын томоохон аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудад амжилттай ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ, БНСУ, Тайванийн нийт 160 гаруй их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Хамтарсан сургалтын хүрээнд бакалаврын “1+3”, “2+2” хөтөлбөр, магистрын “1+1”, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд ГУИС-д оюутнуудын суралцах хугацаандаа цуглуулсан кредитийг эдгээр сургуулиуд хүлээн зөвшөөрч байгаа нь манай суралцагчдад давуу талыг бий болгодог.

Үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал, хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй ирж буй өнөө үед бусдаас мэдлэг, ур чадвар, ёс зүй, манлайлах чадвараараа ялгарсан төгсөгчдийг бэлтгэж гаргах нь сургуулийн ирээдүйн баталгаа, өрсөлдөх чадварын үндэс юм. Тиймээс үүсгэн байгуулагчийн зүгээс санаачлан 2016 оноос эхлэн брэндийн уриагаа “Дэлхийн боловсролыг Монголдоо” болгон өөрчилж Харвардын боловсролын загварыг нутагшуулахаар хөтөлбөрүүдээ шинэчилж эхэлсэн. Жинхэнэ манлайллын оюутны хөгжлийн хөтөлбөр болон бакалавр, магистр, докторын сургалтын агуулгад кэйс аргачлалыг нэвтрүүлсэн, үр дүнд суурилсан боловсролын шинэчлэлийн хүрээнд  инженерийн боловсролын CDIO сургалтын арга зүйг сургалтандаа нэвтрүүлэх зэрэг шинэчлэлүүд нь сургуулийн сургалтын чанар, агуулга, өрсөлдөх чадварт эергээр нөлөөлж байна.

Глобал Удирдагч Их Сургууль өнөөдөр өөрийн эзэмшлийн хичээлийн 2 байртай, гадаадын их дээд сургуулиудын хичээлийн байрны шилдэг загвар дизайнаар  оюутны суралцах орчинг бүрдүүлж чадсан. Өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хичээлийн шинэ байрны төсөл хэрэгжүүлэн инновацын төв, сургуулийн кафе зэргийг ашиглалтанд оруулж чадсан. 2021 ондоо багтааж спорт зал, хичээлийн байрны өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид өөрийн эзэмшлийн оюутны байр, кампусын ногоон байгууламж, сургалтын эмнэлэг зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулж сургалт, судалгааны бааз суурийг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.