
Глобал Удирдагч Их сургууль (ГУИС) нь шинжлэх ухааны олон салбар, тэдгээрийн зааг дээрхи сургалт-судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд багш, судлаачдын гүйцэтгэх үүрэг, хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал тавьж байдгийн нэг жишээ нь жил бүр зохион байгуулдаг ГУИС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний хурал байдаг юм.
Хурал 2026 оны 04-р сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хуралд боловсрол судлал, боловсролын удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг хөндсөн судалгааны ажлаа багш судлаачид амжилттай хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж ГУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Н.Удвал үг хэллээ.
Доктор (Sc.D), профессор Н.Удвал орчин үеийн глобал асуудлын нэг болоод буй ГУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг болох нийгмийн эрүүл мэндийн асуудалд чиглэсэн, бодлогын судалгааны “Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг тодорхойлогч хүчин зүйлсийн эрүүл мэндийн бодлогод үзүүлэх нөлөө“ сэдэвт үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ.
Хуралд нийт 33 судлаач багшийн 14 илтгэл хэлэлцүүлснээс “Их, дээд сургуулийн дижитал орчин дахь мэдээллийн аюулгүй байдал ба эрсдэлээс сэргийлэх боломж” судалгааны ажлаар Бизнесийн сургуулийн багш, докторант Д.Энхжаргал тэргүүн байр, “Хүүхдийн нийгэмшихүйн хөгжилд эцэг эхийн үйлийн үзүүлэх нөлөө” судалгааны ажлаар Хүмүүнлэгийн сургуулийн багш доктор Д. Алтанцэцэг дэд байр, “Төрийн жинхэнэ албах хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ажиллагааны онол, практикийн зарим асуудал” сэдэвт судалгааны ажлаар Хууль зүйн сургуулийн багш С. Амбасэлмаа гуравдугаар байр,“Их сургуулийн багшийн ажлын ачаалалд дүн шинжилгээ хийсэн нь” сэдэвт судалгааны ажлаар Хүмүүнлэгийн сургуулийн багш, докторантГ. Эрхэмбаяр тусгай байрыг тус тус эзэллээ.
Илтгэл тавьж хэлэлцүүлэн хуралд идэвхтэй оролцсон багш судлаачдад сертификат, байр эзэлсэн судлаач багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал олголоо.
Судалгааны ажлаа ирүүлж хэлэлцүүлсэн болон асуулт тавьж, сонирхон сонссон нийт багш нар, тэдний ажлыг дэмжиж, зохион байгуулсан бүрэлдэхүүн сургуулийн захирлууддаа болон шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан доктор (Ph.D), профессор Ц.Цэлмэг, доктор (Ph.D), дэд профессор С.Отгонсүрэн, доктор А.Эрдэнэбат, хурлыг удирдсан ГУИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор Д.Нармандах, хурлыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан ГУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н. Удвал нартаа гүнээ талархал илэрхийлье. ГУИС-ийн захиргаа, удирдлагын баг, багш, оюутан, ажилтнууд энэхүү ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа.
Эрдэм номын үйлс дэлгэрэх болтугай.
ГУИС, Эрэдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс
2026 оны 4 дүгээр сарын 16



























